Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн
54 дүгээр тогтоолын хавсралт
ТӨВ АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Оршил:
Төв аймгийн хувьд эдийн засгийн гол салбар нь Хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн ДНБүтээгдэхүүний дийлэнх хувийг буюу нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 59-70 хувийг мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэл эзэлж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшиж байгаа тариалангийн газар 2007 оноос хойш 139,6 мянган га-гаар өсөж, 252509,8 га болж, тариалсан талбай 48,0 мянгаар өсч, 108,0 мянган га-д хүрч, 98,5 мянган га-д уринш боловсруулж, нийт газар тариалангийн талбай 72,2 мянган га-гаар өсөж, 189,8 мянган га-г ашиглаж байна.
Талбайн ашиглалт 2008 онд 28,9 % байсан бол 2016 онд 77,8 %-д хүрээд байна.
Жил бүр тариалан эрхлэгчдийн тоо өсч, одоо үр тарианы чиглэлээр 174 аж ахуйн нэгж, 162 иргэн, төмс, хүнсний ногооны чиглэлээр 150 аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 6254 өрх, иргэд үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн 9 жилд дунджаар буудай 55307 га-д, төмс 4507 га-д, хүнсний ногоо 1002 га-д тариалж, буудай 73771 тн, төмс 59758 тн, хүнсний ногоо 9748 тн тус тус хураан авсан ба эргэлтийн талбай 2,6 дахин, тариалсан талбай 79383,1 га-гаар, хураан авсан ургац 173752,7 тн-оор тус тус өссөн дүнтэй байна.
Үр тарианы комбайны 40 %, тракторын 66,1 %, чиргүүл, дүүжин машины 46,7 %-ийг тус тус шинэчлээд байна.
Манай аймаг улсын хэмжээний нийт хураан авсан үр тарианы 17,8-30,0 хувь, төмсний 34.5-45,3 хувь, хүнсний ногооны 7,3-9.2 хувь, малын тэжээлийн 23-38.9 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
Нэгжийн ургац байгаль цаг уурын нөхцөл, хүний хүчин зүйлээс шалтгаалан буудайнд 4,3-18,2 цн, төмсөнд 95,2-199,6 цн, хүнсний ногоонд 64,8-114,6 цн, малын тэжээл 20,2-51,3 цн, тосны ургамал 1,2-7,8 цн байна.
Буудайн нэгжээс хамгийн их ургацыг 2012 онд, хамгийн бага ургацыг 2015 онд авсан байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлаас үзэхэд ургац тогтворгүй байгаа нь цаг уурын нөлөөллөөс гадна техникийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, технологийн алдаа, хүний хүчин зүйлээс хамаарч, ихээхэн хэмжээний ургац авах боломжийг алдаж байна.
Үр шинэчлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ээлжлэн тариалах системийг зөв хэрэглэх, цулгуй уриншийг багасгах, хөрс боловсруулах технологийг өөрчлөх, эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх, технологийг дагасан техник шинэчлэлт хийх, боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэх тэднийг мэргэшүүлэх, давтан сургах шаардлагатайгаас гадна газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага урган гарч байна.
Иймд газар тариалангийн үйлдвэрлэлд хуримтлуулсан дадлага туршлага, материаллаг бааз, орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, техникийн ололтод тулгуурлан орон нутгийн хөрс, цаг уурт тохирсон технологийг мөрдөн үр, техникийн шинэчлэл, эрчимжүүлэлт, усалгаатай тариаланг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн ажилласанаар нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, гол нэрийн бүтээгдэхүүнээр аймаг, улсын хэрэгцээг хангах, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг зохицуулах, дэлхийн цаг уурын өөрчлөлт болон бусад орнуудын чиг хандлагыг харгалзан аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.
Аймгийн “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, “Атрын 3 аян”, “Чацаргана, “Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хугацаа нь дууссан тул “Тариалангийн тухай “хууль ,”Төрөөс хүнс хөдөө хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”,”Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Хөгжлийн түүчээ-Төв аймаг-2017-2024”, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсантай холбогдуулан аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлогыг төр, захиргааны удирдах дээдп байгууллагаас батлан гаргасан хууль, эрх зүйн баримт бичгүүдэд газар тариалангийн талаар тусгагдсан бодлого, зорилт, арга хэмжээнүүдэд нийцүүлэн боловсрууллаа.
Нэг. Бодлогын зорилго:
1.“Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн тариалангийн газрыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, мэргэжилтэй ажилчид, мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлж, байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон сортоор үр шинэчлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс боловсруулах болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи, техникийн шинэчлэл, эрчимжүүлэлт хийх, эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй нэвтрүүлж, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесээ өргөжүүлэх боломжийг дэмжих замаар тогтвортой газар тариаланг эрхэлж, буудай 104000-аас доошгүй га-д тариалж, нэгжээс 19 цн, төмс 6200-аас доошгүй га-д тариалж, нэгжээс 175 цн, хүнсний ногоо 1600-аас доошгүй га-д тариалж, 180 цн, тэжээлийн ургамал 12.0 мянган га-д тариалж, нэгжээс 35 цн ургац хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангах
Хоёр. Бодлогыг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт:
2.1 Бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт.
Аймгийн “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах удирдлага, зохион байгуулалт нь дараахи зарчимд суурилна. Үүнд:
2.1.1. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, бодлогын хүрээнд холбогдох дэд хөтөлбөрүүд боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг тооцон улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгуулах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хариуцна.
2.1.2. Бодлого, дэд хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагааг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар хариуцна.
2.1.3. Бодлогыг дэд хөтөлбөрүүд, төслүүдээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн хөтөлбөрүүд, төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий салбар зөвлөл, ажлын хэсгүүд тус тус хариуцна.
2.2. “Атрын III аян”-ыг эрчимжүүлж, Аймгийн “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг “Үр”, “Уринш, бордоо, ургамал хамгаалал”, ”Хүнсний ногоо”, “Техник шинэчлэл, боловсон хүчний хангалт”, “Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” дэд хөтөлбөрүүдээр тодотгон хэрэгжүүлнэ.
2.3. Сумдын газар тариалангийн салбарын тэргүүлэх чиглэлүүд
Энэхүү бодлогод газар тариалангийн дэд салбаруудыг аймгийн нутаг дэвсгэрт бүсчилэн хөгжүүлэхээр тусгасны зэрэгцээгээр сумдад тэргүүлэх чиглэлийг дараахи байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.3.1. Öýýë, Óãòààëцайдам, Ñ¿ìáýð, Æàðãàëàíò, Áàÿíöîãò, Ýðäýíýñàíò ñóìдыг:
-Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл
-Буудай, төмсний сортын үр үйлдвэрлэл
-Таримал тэжээлийн үйлдвэрлэл, байгалийн хадлан бэлтгэлийн чиглэлээр
2.3.2 .Áàòñ¿ìáýð, Áîðíóóð, Áàÿí÷àíäìàíü, Ñ¿ìáýð, Æàðãàëàíò, Çóóíìîä сумдыг:
-Усалгаатай тариалан
-Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, далд хөрсний үйлдвэрлэл
-Төмс, хүнсний ногооны үр, жимс, жимсгэний суулгац үйлдвэрлэл
-Хамгаалагдсан хөрсний ногоо, жимсний аж ахуй
-Зоорийн аж ахуй
-Таримал тэжээлийн чиглэлээр
2.3.3. Àðãàëàíò, Áàÿíõàíãàé, Àðõóñò, Баяндэлгэр, Мөнгөнморьт болон бусад тал хээрийн сумд болон ýð÷èìæñýí ìàë àæ àõóé ýðõýëæ áóé ñóìын àæ àõóéí íýãæ, èðãýäийг:
-Òàðèìàë òýæýýëèéí ÷èãëýëýýð:
2.3.4. Бүх сумдыг:
-Өрхийн тариалангийн чиглэлээр тус тус хөгжүүлнэ.
Гурав. Тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Тэргүүлэх зорилт 1.
Байгаль цаг уурын өөрчлөлтөнд зохицсон, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах зарчмыг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд, тэдний оролцоотойгоор хэрэгжүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1.1. Байгаль цаг уурын эрс өөрчлөлт явагдаж байгаа нөхцөлтэй уяалдуулан хөрсний үржил шимийг хамгаалах дэвшилтэт технологийг мөрдөж ажиллах
1.2. Тариалангийн талбайг зөв зохистой ашиглаж, Тариалангийн тухай хуулийн дагуу хөрсний агрохими, агрофизикийн шинжилгээг хийлгэж нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх
1.3. Зохих журмын дагуу шинжилгээ хийлгэж стандартын шаардлага хангасан үрээр тариалалт хийсэн, тариалангийнхаа талбайд чанарын хянан баталгааг хуулийн хугацаанд хийлгэсэн, хөрсний үржил шимийн үзүүлэлт нь буураагүй буюу ахисан, хураан авсан 1 га-гийн ургац нь аймгийн дунджаас өндөр, чанарын үзүүлэлт нь стандартаас дээш байх зэрэг тодорхой шалгуурын дагуу тарилангийн талбайн газрын төлбөрийг ялгавартай тогтооно
1.4. Эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамж, хэрэгцээнд тулгуурлан, агротехникийн шаардлагад нийцсэн таримлын зохистой сэлгээг мөрдөх, сэлгээнд ашигт таримлыг тариалах, нэг таримлыг дагнасан байдлаар хоёроос дээш жил тариалахгүй байх
1.5.Тухайн жилийн байгаль цаг уурын урьдчилсан төлөв, хөрсний угтвар нөөц чийгийн судалгаа болон талбай бүрийн хөрс цаг уурын онцлогыг харгалзан баримтлах технологийг боловсруулж хатуу мөрдөх
1.6. Талбайд хийсэн бүх технологийн ажлыг /тарьсан хугацаа, үрийн норм, сорт, ариутгал, нарлуулсан байдал, ашигласан техник, хэрэглэсэн ургамал хамгааллын бодисын нэр, норм/ тодорхой бичиж, талбайн түүхийг байнга хөтөлдөг болгох
1.7. Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйг дэмжих
1.8. Үр тариа тариалсан талбайн /сум, аж ахуйн нэгж, иргэн нь/ 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд гарал үүсэл нь баталгаажсан, тарих үрийн стандартын шаардлага хангасан шинжилгээнд хамруулсан үрээр тосны ургамал тариалах
1.9. Гарал үүсэл нь баталгаажаагүй тарих үрийн стандартын шаардлага хангаагүй, шинжилгээнд хамруулаагүй үрээр тариалахыг хориглох
Тэргүүлэх зорилт 2.
Тариалангийн газрыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, үр ашигтай ашиглах бүртгэл хяналтыг сайжруулах, тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлж, тариалан эрхлэх бүс нутгийг тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.1. Аймгийн тариалангийн бүс нутгийг, одоо уг бүс нутагт байгаа бэлчээрийн мал аж ахуйг өөр суманд шилжүүлэн нутаглуулах бололцоо, түүнд зарцуулах хугацаа, тариалангийн бүсийн хилийг сумын хил, багийн хилийн алийг нь үндэслэл болгон тогтоох, нутгийн үүлдэрийн малыг эрчимжсэн аж ахуй болгох зорилгоор мал үржлийн ажлыг хэрхэн явуулах, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоо толгойг цөөлж өндөр ашиг шим бүхий малтай болгох, сүргийн бүтцийг өөрчлөх зэрэг асуудлыг нарийвчлан судлан үзэж, зохих дүгнэлт хийсний үндсэн дээр орон нутгийн онцлог, сумдын саналыг харгалзан тогтоох
2.2. Тариалангийн талбайн тооллогыг явуулж, атаршсан талбайг эргэлтэд оруулах аж ахуйн нэгжүүдийг зөв сонгон, тэдгээрт эзэмшүүлэх талбайн хэмжээг Засгийн газраас тогтоосон хэмжээнд байлгах зохион байгуулалтын арга хэмжээг авах
2.3. Эзэмшилттэй боловч ашиглалтгүй байгаа талбайг газрын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дахин хувиарлах арга хэмжээг зохион байгуулж, талбай ашиглалтын түвшинг нэмэгдүүлэх
2.4. Эрдэм шинжилгээний байгууллагаас мөрдлөг болгож буй зурваслан тариалалт, хучлагатай тариалан, ногоон бордуурт уринш, цомхотгосон ба тэг элдэншүүлэгийн аргаар уриншийн боловсруулалт хийх техник, технологийн нөхцөлийг хангахад тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх
2.5. “Тариалангийн тухай” хуулийн “Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах” гэсэн 24 дүгээр зүйлийн холбогдох заалт, журам, аргачлал, гэрээг хэрэгжүүлж тариаланг мал, тэжээвэр амьтадаас хамгаалах ажлыг нутгийн удирдлагын байгууллага, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагатай хамтран зохион байгуулах
Тэргүүлэх зорилт 3.
Гангийн эрсдэлтэй усалгаагүй нөхцөлд усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжиж, орон нутгийн онцлогт зохицсон эрчимжсэн агро-технологи нэвтрүүлэн, усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.1. Усны хайгуул судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх
3.2. Усалгаатай тариалангийн менежментийг боловсронгуй болгож, услалтын системийн тооллого хийж, чанар байдалд үнэлэлт өгч өмчлөл, эзэмшил, хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх замаар услалтын системийг төслийн хүч чадалд нь хүргэх
3.3. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтад ус эрчим хүчний зарцуулалт багатай байгаль орчинд халгүй дуслын болон хөрсөн доороос нэвчүүлэх усалгааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
3.4. Хуучин услалтын системүүдийг засварлахад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулан зарим услалтын системийг сэргээн ашиглах
3.5. Усалгаатай тариаланд тохирсон таримал, сорт, сэлгээ, бордоо, ургамал хамгаалал, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх санаачилгыг дэмжин, усалгааны зориулалттай техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл /лизинг/-ээр олгоход дэмжлэг үзүүлэх
3.6. Үүлэнд зориудаар нөлөөлөх замаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг төр, ААН, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах
3.7. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулан жил бүр 5-аас доошгүй худгийг аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор гаргах
3.8. Цэнэг усалгаа, цас тогтоох, хаврын хөрсний чийгийг хамгаалах ажлыг технологийн дагуу хийх
Тэргүүлэх зорилт 4.
Үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийг техник, технологи, санхүүгийн боломжтой аж ахуйн нэгж, тариаланчдад эрхлүүлэн үр үржүүлгийн аж ахуйн нэгж байгуулж, тэдэнд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран технологийн, мэргэжил арга зүйн болон санхүү, зээлийн дэмжлэг үзүүлэх замаар дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон сайн чанарын баталгаажсан таримлын үрийн нөөц бүрдүүлж ашиглах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
4.1. Эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран техник, технологи, санхүүгийн боломжтой, үр үйлдвэрлэх сонирхолтой, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдийг сонгон, үйл ажиллагааг дэмжин ажиллах
4.2. Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан, баталгаажсан таримлын үрээр хангах ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, үрийн аж ахуйтай хамтран хэрэгжүүлэх
4.3. Товарын буудай тариалдаг аж ахуйн нэгжүүд нийт тариалж байгаа үр тарианы талбайн 20-иос доошгүй хувьд үрийн тариалан эрхэлнэ
4.4. Үрийн талбайд сортын хянан баталгаажуулалт хийлгүүлж, үрэнд тэнцсэн талбайгаас тариалах үрийн бүрэн нөөцлүүлэх
4.5. Тариалалт хийхэд шаардагдах үр тариа, төмсний үрийг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх, гарал үүсэл нь баталгаажсан тарих үрийн стандартын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдаж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан үрээр тариална.
4.6. Дулааны нийлбэр нь 1200-1500 хэм байдаг, далайн төвшнээс 1400 метр өргөгдсөн уулархаг бүс нутагт буудайн эртийн болон дундын болцой нутагшсан сорт, мөн бусад тарималыг тариалдаг байх.
4.7. Дулааны нийлбэр нь 1500-1800 хэм байдаг, 1000-1300 метр өндөрт орших тариалангийн бүс нутагт буудайн дунд болон дунд оройн болцой нутагшсан сортыг тариалдаг байх
4.8. Үр тариа 500 хүртэл га-д тариалдаг аж ахуйн нэгж, иргэн 1 сорт, 1000 га-д тариалдаг аж ахуй нэгж 1-2 сорт, 1000-аас дээш га-тай аж ахуй нэгж 2-3 сортыг тариалдаг байна.
4.9. Усалгаатай, бордоотой нөхцөлд эрчимтэй ургах таримлын сортуудыг судалж, сонгон шалгарсан сортуудыг загвар аж ахуй, хувийн хэвшилтэй хамтран тариалж нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх
4.10. Ургамал газар тариалангийн хүрээлэнд үйлдвэрлэж буй төмсний вирусгүй үрийг үржүүлсэн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлэх замаар төмсний үр шинэчлэлийг хийх
4.11. Хүнсний ногооны таримлын нэр төрлийг олшруулж, богино болцтой сортын үрийн хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний ногооны үрээр хангах арга хэмжээ авах
4.12. Хүнсний ногооны үр үржүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн санал, санаачлагыг дэмжиж хамтран ажиллах
4.13. Эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран орон нутгийн цаг уурын нөхцөлд тохирч нутагшсан тэжээлийн ургамлын сортын үр үржүүлэх, нөөц бүрдүүлж, үрээр хангах арга хэмжээг зохион байгуулах
4.14. Тариалангийн хуулийн дагуу таримал ургамлын үрийг 5-н жил тутамд шинэчилж байх
4.15. Үр тарианы үр цэвэрлэх, сортлох, ариутгах техникийн хангамжийг нэмэгдүүлэх
4.16. Үрийн тариаланд зориулсан талбайг даатгалд хамруулах ажлыг эхлүүлэх
Тэргүүлэх зорилт 5.
Өвлийн болон зуны хүлэмжийн аж ахуй, хучлагатай тариалан, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжин тэдгээрт шинэ технологи нэвтрүүлэх, механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэн төрөлжсөн зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны таримлын бүтцэд эзлэх нэр төрлийг олшруулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
5.1. Таримлын нэр төрлийг нэмэгдүүлж таримлын бүтцийг сайжруулахад чиглэгдсэн ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх
5.2. Хүлэмж угсрах үйлдвэрийг байгуулан ААНБ, өрхүүдийг хүлэмжээр хангаж, тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх
5.3. Суурин өрхийг хашаандаа ногоо тарих нөхцөл боломжоор хангаж, өрх бүр өөрийн хэрэгцээт хүнсний ногоогоо ургуулах, хүнсэнд хэрэглэх арга барилд сургах
5.4. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтран ажиллаж байгаа бүлэг хоршооны үйл ажиллагааг дэмжиж техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодис авахад нь зориулж хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх
5.5. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн, ашиглалтыг сайжруулах замаар шинэ ургацын ногоогоор иргэдийг тогтвортой хангах
5.6. Хамгаалагдсан хөрсний аж ахуйд нарны энерги, газрын дулааныг ашиглах, шинэ таримлыг тарих боломжийг судлах, зарим туршилт явуулах
5.7. Төмс, хүнсний ногоо хадгалах төрөлжсөн зоорийн багтаамжийг нэмэгдүүлэхэд зээлийн дэмжлэг үзүүлэх замаар хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах
5.8. Хүлэмжийн аж ахуй эрхлэхэд шаардлагатай техник, технологи, үр, материалаар хангах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, агропаркуудын ашиглалтын байдлыг шалган үзэж хөрөнгийн хувьчлалын асуудлыг шийдвэрлэж хүлэмж, зоорийг бүрэн хүч чадлаар нь ажиллуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх
5.9. Улс, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүд, төрөлжсөн зоорийн аж ахуйтай тариаланчид, ногоочдын хамтын ажиллагааг өргөжүүлж төмс, хүнсний ногооны борлуулалтын сүлжээг боловсронгуй болгон аймгийн нийгмийн салбарын байгууллагуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангах
5.10. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоож, бүртгэлжүүлэх
5.11. Хүлэмжийн хотхонуудыг түшиглэн мэргэжилтэй ажилчин, ногоочид, өрхийн тариалан эрхлэгчдийг давтан сургах ажлыг зохион байгуулах
5.12. Төмсний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цардуулын үйлдвэрийг байгуулах
Тэргүүлэх зорилт 6.
Тогтвортой газар тариалан эрхлэх дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, боловсон хүчний чадавхийг сайжруулах
Тэргүүлэх зорилт 6-1
Тариалангийн дэвшилтэт технологид суурилсан, тогтвортой газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлсэн техникийн шинэчлэл хийх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.1.1. Хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан технологийн ажил үйлдлүүдийг бүрэн гүйцэтгэж чадах өндөр хүчин чадалтай түлш шатахуун бага зарцуулдаг, ашиглалтын зардал хямдтай, олон үйлдлийг зэрэг гүйцэтгэх чадвартай техникийг сонгож парк шинэчлүүлэх
6.1.2. Тариаланчид, иргэд хорших хэлбэрээр техникийн шинэчлэл хийх үйл ажиллагааг дэмжиж ажиллах
6.1.3. Тариалан эрхэлж буй техникгүй иргэдэд үйлчлэх аймаг, сумын техник дундын үйлчилгээний газар, нэгжийн үйл ажиллагааг тогтмолжуулан өргөжүүлэхийн зэрэгцээ шинээр байгуулах арга хэмжээ авах
6.1.4. Техникийн засвар үйлчилгээнд шинэ бүтээл оновчтой саналыг нэвтрүүлэн, зарим техник, тоног төхөөрөмжийн эд ангийг аймагтаа үйлдвэрлэх засварлах бодлого барьж, засварын газар, цех байгуулахыг дэмжиж, ШБОС нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах
6.1.5. Хөдөө аж ахуйн техникийн сэлбэгийн хангамжийг сайжруулан, борлуулалтын цэгүүдийг ажиллуулах
6.1.6. ХАА-н техник, тоног төхөөрөмжийг импортоор оруулах эрх бүхий аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж, тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээгээр дотоодод угсарсан техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгоход дэмжлэг үзүүлэх
6.1.7. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өндөр, дунд хүчин чадлын трактор, комбайн, үтрэмийн машин, үрийн агуулах, бордоо ургамал хамгааллын техник, услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулах
Тэргүүлэх зорилт 6-2
Инженер, агрономич болон тариаланчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээлэлээр хангах замаар хүний нөөцийн чадавхийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.2.2. Жилд 500-гаас дээш га-д тариалалт хийдэг хуулийн этгээд мэргэжлийн ХАА-н инженер, агрономичтой, төмс хүнсний ногоог 10 га-аас дээш тариалдаг аж ахуйн нэгж бүр орон тооны мэргэжлийн агрономичтой болох, жижиг аж ахуйн нэгжүүд агрономич мэргэжлийн хүнийг гэрээгээр авч ажиллуулах бодлогыг хэрэгжүүлэх
6.2.3. Технологи, техник шинэчлэлтэй холбогдуулан агроном, инженер болон тракторч-комбайнчин, ногоочин, операторчин, гагнуурчин зэрэг мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтанд хамруулах, гадаад орон болон бусад аймагт туршлага судлуулах ажлыг МСҮТөвүүд, ХААИС, гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах
6.2.4. Хөдөө аж ахуйн чиглэлээр Зуунмод МСҮТ-д ХАА-н их сургуулийн анхан шатны салбар ангиудыг нээхийн зэрэгцээ Хөдөө аж ахуйн их сургуулийг түшиглэн, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлт, үйл ажиллагаанд нийцүүлэн дадлага туршлагатай хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх арга хэмжээг зохион байгуулах
6.2.5. Улсын тэргүүний тариаланч, тэргүүний тариланч хамт олны туршлагыг судлуулах, туршлагаа харилцан солилцож бие биенээсээ суралцах ажлуудыг зохион байгуулах
Тэргүүлэх зорилт 7-1
Байгаль орчинд халгүй аргаар хөрс боловсруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөгүй ургамал хамгаалах технологийг мөрдүүлж ажиллана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл :
7.1.1. Хөрс боловсруулах тэг элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэх болон тариалангийн газрын хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх
7.1.2. Таримлын сэлгээний ээлжийн тоог нэмэгдүүлж, цулгуй уриншийн хэмжээг бууруулж “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэн 100 га-гаас дээш талбайд үр тариа тариалахад 100 м-ээс багагүй урттай, 10 м-ээс багагүй өргөнтэй зурваслан тариалалт хийх, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамж, гадаад зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан таримлын зохистой сэлгээг мөрдөж, сэлгээнд тариалсан ашигт таримлыг зах зээлд нийлүүлэхийг дэмжих
7.1.3. Байгаль орчин болон бүтээгдхүүний чанарт сөрөг нөлөөгүй аргаар ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтантай тэмцэх ажлыг технологийн дагуу нутгийн удирдлагын байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран зохион байгуулах
7.1.4. Чанар, стандартын шаардлага хангасан ургамал хамгаалах бодисыг хэрэглэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, үрийг тарилтын өмнө зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисоор технологийн дагуу бүрэн ариутгаж тариалах
Тэргүүлэх зорилт 7-2
Хөрс боловсруулах,ургамал хамгаалах дэвшилтэт технологи, техникийг сайжруулах
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл :
7.2.1. Талбайн түүх хөтлөх заавар, журам, аргачлалаар аж ахуйн нэгж, иргэдийг хангаж, түүний дагуу үйлдвэрлэлийн технологийн карт хийлгүүлж мөрдүүлэх
7.2.2. Хөрсийг элэгдлээс хамгаалахын тулд хөрс боловсруулалтыг цомхотгох, химийн болон тэглэсэн технологид шилжиж, сүрлийг талбайд цацаж чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх, зурваслан тариалах арга хэмжээнүүдийг иж бүрдлээр нь авч хэрэгжүүлэх 7.2.3. Хог ургамал, өвчин хортонтой тэмцэх сонгодог болон төрөлжсөн үйлчилгээтэй хор, тэдгээрийг цацах техникийн хангамжийг нэмэгдүүлэх
7.2.4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг үр бүтээлтэй эрхэлж хөрсний үржил шимийг сайжруулах, эвдэрлээс хамгаалах, талбайг хаших, олон нас ургамал тариалах зэргээр технологийн үйл ажиллагаа сайн явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдийг гадаад, дотоодын төсөл, зээл тусламжинд эхний ээлжинд хамруулах, техникийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх
Тэргүүлэх зорилт 7-3
Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, нөхөн сэргээх зорилгоор био бордооны үйлдвэрлэлийг дэмжих, байгальд ээлтэй экологижсон технологи нэвтрүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
7.3.1. Тухайн газар нутгийн чийг, дулааны хангамж, эхний болон эцсийн цочир хүйтрэлт, хөрсний онцлог, ургамлан бүрхэвч уур амьсгал зэргийг харгалзан тухайн орон нутгийн онцлогт тохирсон технологийг боловсруулж мөрдөх
7.3.2. Уринш-буудай сэлгээнээс татгалзаж, олон наст ургамал тариалах, ногоон бордуурт болон химийн уринш, цомхотгосон технологи, тэг элдэншүүлэлтийг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах
7.3.3. Хөрсний агрохимийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторуудад хийлгэж, шинжилгээний дүнг үндэслэн бордоо хэрэглэх зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд мөрдүүлэх
7.3.4. Эрдэс болон шим, био бордооны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, “ТОМОКО” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хувьчлалын асуудлыг шийдвэрлэж ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах
7.3.5. Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжих
Тэргүүлэх зорилт 8.
Жимс, жимсгэний тариалалт, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
8.1.1. Жимсний суулгац үржүүлэх ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран хийх санаачилгыг дэмжих
8.1.2. Жимс, жимсгэний тариалангийн талбайг нэмэгдүүлж, энэ чиглэлийн тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
8.1.3. Өрхийн жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх
8.1.4. Чацарганы үйлдвэрлэлийг кластраар хөгжүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, экспортлох
Тэргүүлэх зорилт 9.
Мал болон тэжээвэр амьтны ашиг шимийг нэмэгдүүлэх, байгалийн эрсдэлээс хамгаалах, бэлчээрийг зөв зохистой ашиглах зорилгоор уургийн өндөр агууламжтай болон шим тэжээл бүхий нэг, олон наст, буурцагт ургамлын тариалалтыг дэмжиж тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
9.1.1. “Аймгийн малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх
9.1.2. Сум бүрийн малын тоонд тохирсон тэжээлийн аюулгүйн нөөцийг Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр бүрдүүлэх
9.1.3. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд өөрийн малдаа хүрэлцэхүйц хэмжээний тэжээл бэлтгэх
9.1.4. Малын тэжээлийн ургамал тариалах сонирхол бүхий аж ахуйн нэгж, иргэдэд тариалангийн талбай олгох асуудлыг сум бүр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах.
9.1.5. Сум, багийн хэмжээний шаардлагатай тэжээлийн хэрэгцээгээ тооцож хүрэлцээ, хангамжийг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
9.1.6. Цаг уурын нөхцөлд тохирсон нутагшсан сортын үрээр хангах зорилгоор тэжээлийн ургамлын үр үржүүлэх ААН-ийг сонгон шалгаруулж, үрээр хангаж, таримал тэжээлийн тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх
Дөрөв. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат, хугацаа
1-р үе шат /2017-2020 он/
2-р үе шат /2021-2024 он/
Тав. Бодлогын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн
5.1. Бодлогыг дараахи шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.
-Тариалангийн бүс нутгийг тогтоосон байна
-Буудайн үр шинэчлэлд жил бүр 200,0 сая төгрөг зарцуулж, нутагшсан сортын үрээр бүрэн хангана
-Буудайн үрийг 5 жил дутамд шинэчлэнэ.
-Агуулах,зоорь, үтрэмийн механикжилтийн хувь өссөн байна.
-Агрохимийн шинжилгээнд хамрагдсан ААН, иргэний тоо, талбайн хэмжээ, эзлэх хувь
-Боловсруулсан уриншийн хэмжээ /га/,
-Тэг элдэншүүлэлтийн хувь,
-Бордуурт уриншийн хэмжээ, бордсон талбай /га/
-Ургамал хамгааллын бодисын хэмжээ /литр/
-Цулгуй уриншийн эзлэх хувь
-Байгуулагдсан засварын газар цехийн тоогоор
-Мэргэжил эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн, шинээр ажилд орсон агроном, инженер, менежерийн тоо, дадлага хийсэн мэргэжилтний тоо, тариалан эрхлэгчдэд зориулсан сургалтын тоо, хамрагдсан хүний тоо
-Тариалан эрхэлж буй техникгүй иргэдэд үйлчлэх аймгийн техник дундын үйлчилгээний газрыг байгуулсан байна. /Төсөл шалгаруулах -2 тэрбум төгрөг /
-Өвөл зуны хүлэмжийн талбайг нэмэгдүүлсэн байдал
-Услалтын системийн тооллого, эзэмшигчийг тодорхой болгох, тооллого хийх, ашиглалтын хувь
5.2.Хүрэх үр дүн
Нэгдүгээр үе шат /2017-2020 он/:
- буудай 85.0 мянган га-д тариалж, нэгжээс 17.3 цн, төмс 6.1 мянган га-д тариалж, нэгжээс 155 цн, хүнсний ногоо 1.6 мянган га-д тариалж, 147 цн, тэжээлийн ургамал 9.5 мянган га-д тариалж, нэгжээс 23 цн хураан авч дотоодын хэрэгцээг бүрэн хангах.
Хоёрдугаар үе шат /2021-2024 он/
-Буудай 104.0 мянган га-д тариалж, нэгжээс 19 цн, төмс 6.2 мянган га-д тариалж, нэгжээс 175 цн, хүнсний ногоо 1.6 мянган га-д тариалж, 180 цн, тэжээлийн ургамал 12.0 мянган га-д тариалж, нэгжээс 35 цн ургац хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангах.
-Жимс, жимсгэний нэр төрлийг олшруулан тариалах, талбайг нэмэгдүүлж, хүн амын хүнсэнд жимс жимсгэний хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлнэ.
Нэгдүгээр үе шат /2017-2020 он/:
-Жимс жимсгэнэ тарьсан талбайг 787 га-д хүргэж, 180 тонн ургац хураан авах.
Хоёрдугаар үе шат /2021-2024 он/:
-Жимс жимсгэнэ тарьсан талбайг 847 га-д хүргэж, 230 тонн ургац хураан авах.
-Тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулан, ашиглалтын түвшинг нэмэгдүүлнэ.
Нэгдүгээр үе шат /2017-2020 он/:
-Эдийн засгийн эргэлтэнд оруулах тариалангийн талбайн ашиглалтыг 86-аас доошгүй хувьд хүргэх.
Хоёрдугаар үе шат /2021-2024 он/
-Эдийн засгийн эргэлтэнд оруулах тариалангийн талбайн ашиглалтыг 98-аас доошгүй хувьд хүргэх.
Бүх үе шатанд (2017-2024):
-Гангийн эрсдэлтэй усалгаагүй нөхцөлд усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжиж, орон нутгийн онцлогт зохицсон эрчимжсэн агро-технологи нэвтрүүлэн, усалгаатай тариалангийн хэмжээ болон ургацын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
-Үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн, техник, технологи, аж ахуй, санхүүгийн боломжтой аж ахуйн нэгж, тариалан эрхлэгчдийн бизнесийн сонирхолтой хослуулан зээлийн дэмжлэг үзүүлэх замаар сайн чанарын үрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, үрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах, үр үржүүлгийн аж ахуйн нэгж байгуулна.
-Хамгаалагдсан болон хучлагатай тариалан, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжин шинэ техник, технологи нэвтрүүлж механикжуулах, төрөлжсөн зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлнэ.
-Таримлын сэлгээний ээлжийн тоог нэмэгдүүлж, цулгуй уриншийн хэмжээг бууруулан 33.3 %-д хүргэж, хөрсний үржил шимд ээлтэй таримал тариалах ногоон бордуурт уриншийг хийж, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтантай тэмцэх ажлыг сайжруулж, хөрсний үржил шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
-Нийт ажиллаж байгаа техникийн 80%-д парк шинэчлэл хийж, агроном, инженер болон тракторч-комбайнчин, ногоочин, операторчин, гагнуурчин зэрэг мýðãýæèëòýé боловсон хүчнээр хангагдана
-Эрдэс болон шим, био бордооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, áàéãàëüä ýýëòýé ýêîëîãèæñîí òåõíîëîãè мөрдөгдөнө.
-Чацарганы үйлдвэрлэлийг кластраар хөгжүүлэх арга хэмжээг мэргэжлийн холбоод, ЭШБ, ААН, иргэдтэй хамтран зохион байгуулж, экспортод бүтээгдэхүүнээ нэгдсэн цонхоор гаргасан байна.
-Тэжээлийн ургамал тариалах бүс нутгийг тогтоож, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгалийн хадлан 132000 тн, гар тэжээл 24200 тн, үйлдвэрийн тэжээл 4400 тн, дарш 2750 тн-оос доошгүйг бэлтгэж, тэжээлийн цех 6, үйлдвэр 1-г байгуулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангасан байна.
______о0о_____